Мэндчилгээ

        Цэц мэргэн, мэдрэмж тэвчээрийн гайхамшгийг цогцлоосон уран нясалгаат, онч мэргэн нийт харваачид, үзэгч сонирхогч, энэхүү сайтын маань хүндэт зочид Та бүхэндээ нарлаг Монголын өмнө хязгаар, нар дэвссэн говь нутгийн эрхий мэргэн харваачдынхаа нэрийн өмнөөс эрүүл энх, саруул сайхан байхыг хүсч мэндчилье.

        Зуун зуунаар өртөөлөн найман зууныг дамжин өнөөгийн бидэнд уламжлагдан ирсэн монгол шагайн харваа маань нэгэн цаг дор хаалттай, хориотой байсан ч  өнөөгийн бидний эринд улам өргөн дэлгэр хөгжиж, харваачид бид улам олуулаа болж, шагайн харваа маань Үндэсний их баяр наадмын нэгэн төрөлд багтаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цол, зэрэг олгодог болсноор чансаа өндөрөрсөлдөөн ихтэй наадгай болж байгаад талархалтай байна.

        Цэлмэг тэнгэрийн дор цэцэгт тал, цайдам цагаан хөндий, намрын шаргал талд ч нас харгалзахгүй,  хараа цэцээ уралдуулан уухайн дуутай наадан тоглодог үндэсний, багийн наадгай бол яахын аргагүй шагайн харваа юм.  Тиймээс ч цэнхэр гараг дээрх цор ганц нүүдэлчин түмний маань оюуны болоод соёлын өв, оршихуйн дархлаа болсон шагайн харвааг дэлхий хүлээн зөвшөөрч, ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтөний төлөөллийн жагсаалтад 2014 онд бүртгэсэн билээ.

        Өмнөговь аймгийн шагайн холбоо нь 1991 онд анх Монгол Улсын гарамгай мэргэн Ш.Батсүхийн санаачлагаарШагайн товчоонэртэйгээр байгуулагдаж байсан бол өнөөдөр ахмад, залуу, өсвөрийн 900 гаруй харваачтай, 15 сумандаа салбар зөвлөлтэй, төр түмний их цэнгэл наадамдаа алдар цолоо дуудуулсан  улс, аймгийн  алдар цолтой 158 харваачийг төрүүлсэн холбоо болтлоо өргөжөөд байна.

        Өмнөговь аймгийн баг харваачид Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 2012, 2013, 2014, 2015, 2023 оны баяраар тэргүүн байр, Ардын хувьсгалын 2011, 2013, 2015, 2017, 2019, 2020 оны баяраар шагналт 2-4 дүгээр байр тус тус эзэлсэн байна.

        Энэхүү түүхэн амжилтийг тасралтгүй үзүүлж, өмнийн говь нутагнэр хоёроо их асрын өмнө дуудуулах, шагайн харваагаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан холбооны үе үеийн тэргүүн, багийн дарга нар, нийт харваачиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажил үйлс тань тавьсан сум шигээ ончтой, зам мөр тань хасаан цацал шигээ сүүн мөртэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

                  Монгол шагайн уухай таван тив, дөрвөн далайд цуурайтах болтугай.

                                                                                                                  "Говь гурван сайханы мэргэчүүд"  Өмнөговь аймгийн шагайн холбооны                                                                                                                                                                          тэргүүн Монгол Улсын гарамгай мэргэн ЧОЙЖИЛЫН БУЯНЖАРГАЛ