Монголчуудын эртний тоглоом наадгайн нэг болох шагайн наадгай өдгөө үндэсний спорт болоод олон жилийг өнгөрүүлжээ. Шагай ашиглан олон төрлийн тоглоом тоглож болдог. Тэгвэл тэр дундаас үндэсний их баяр наадмын нэгэн төрөл нь шагайн харваа юм.
Шагайн харваа нь монголчуудын эртнээс нааш өв уламжлагдан ирсэн уламжлалт тоглоомын нэг төрөл юм. Шагайн харвааны сумыг анх малын болон зээрийн шилбэний яс болох шагайгаар хийж байжээ. Энэ сумаа хашлага хэмээн нэрлэх модон суурь дээр байрлуулан есөн тохой ойролцоогоор 4,72 метр зайд байрлах хасааг няслан онох ёстой. Шагайн харваа нь 2001 оноос эхлэн албан ёсоор Монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болон зохион явагдах болсон.
Иймээс шагайн харвааг монгол түмний эртнээс уламжлалтай соёлын өвөрмөц нэгэн төрөл гэж үзсэн учраас 2014 онд Юнеско-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн нь уг тоглоом наадгай нь дэлхийн соёлын нэгэн болсон байна.
Шагайн харвааны тухай сонирхолтой баримтууд
- Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэндээ хаад, ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байсан гэлцдэг. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн билээ.
- 1260 оны үед хаан Хубилай эрийн гурван наадам хийхдээ шагай харвуулж байсан тухай Хятадын “Шар судар”-т тэмдэглэгджээ.
- 1918 онд тухайн үеийн Дайчин бээсийн хошуу одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг Наран Хөгцтийн тойромд 101 багийн 700 гаруй харваач цугларч байсан баримт бий.
- Шагайн харваа халх, урианхай, боржигон гэсэн гурван төрөлтэй.
- Тойргоор тоглодог болохоор шагайн наадмыг тойром хэмээн нэрлэсэн ажээ.
- Шагайн харваа 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон билээ.
- Харвааны үеэр шагайчид асраа дэрвэтэл уухайлдаг аж. Дэмжигчдийн болон өрсөлдөгчдийн уухайлах нь түрлэгээрээ өөр юм. Өөрсдийн талынхны аялгуулаг уухайнд харваачийн цэц нэмэгддэг бол, эсрэг багийн огцом, хүчтэй уухайнд барьц алдаж мэдэх гэнэ шүү. Төв халхын уухай, Дөрвөд далай ханы, баяд, урианхай боржигин уухай гэж нутаг оронд арай өөр өөр байдаг ажээ.
- Харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ. Хашлаган дээр сумаа тавьж байгаад нясалж харвана.
- Хамгийн анх далны ясан дээрээс богийн шагай тавьж бөгцөг харваж эхэлсэн байна. Сүүлдээ хөгжин далны оронд хашлага шагай нь бугын эвэр болж, харин шагайн зурхайг авдрын тагаар орлуулан хасааг богийн шагайгаар төлөөлүүлж, зайг нь гэрийн босгоноос хоймор хүртэл 9 тохой хэмжээтэй болгосон гэдэг.
- Хашлагыг халуун оронд ургадаг хар сэндэм, цагаан зандан модоор бэлтгэдэг ажээ. Мөн улаан зандан, хүрэн суман хашлага, буу, агар зандан тохой, говийн яшил зандан зурхай зэрэг ховор нандин шагайн хэрэгсэл хэрэглэх болжээ.
- Сумыг нь яшил, хар суман, бугын эвэр, зааны ясаар хийдэг.
- Яшил, зандан мод хоёр аз дууддаг, гурван тусгалтай эзэндээ сайн энерги дагуулдаг гэж монголчууд бэлгэшээдэг тул нутгаасаа гадагш зарах, гаргахыг цээрлэдэг учиртай юм гэнэ.
- Харваачдын баг долоон тоглогчтой, зургаа нь харвана. Нэг багтай 80 минут орчим тоглох юм. Тэгэхээр багууд тойргоор өрсөлдөхөд харваачид өдөрт 10 цагийн турш сууж тоглох болно.
- Шагай харваж байгаа хүнд зайлшгүй байх чанар бол тэвчээр, мэдрэмж хоёр юм. Мөн “Суудал суухад эвгүй, эсвэл гар хөлөрсөн үед тавьсан сум хясаагаа онохгүй. Өрсөлдөгчдийн уухайнд автвал бас л амжилтгүй болдог” байна. Харваач тоглож байгаа орчин, нөхцлөө мэдэрч, сэтгэл хөдлөлдөө бус оюун ухаандаа захирагдаж чаддаг байх хэрэгтэй юм.
- Сум тавих үед харваач өрөг хүртэлх орон зайг тооцоолж, биеийн тэнцвэр, хурууны эвслээ олсон байх аж. Шагайн харваа нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн гэлтэй.
- Эрт дээр үед аль нэг нутагт гол ус бохиртох, ган тохиох, хүн, малын өвчин гарахад шагай харван домнодог байжээ.
- Шагай харваж сурсан хүн нум сум харвахад бас орон зайгаа багцаалах, тооцох чадвар илүү байдгийг судлаачид тогтоожээ. Мөн Үндэсний баяр наадмын төрөлд орсон шагайн харваа өдөржин шөнөжин тоглохыг эс тооцвол биеийн эрүүл мэндэд сайн болохыг спортын анагаах ухааныхан тогтоожээ. Тухайлбал, нэг удаагийн тойромд оролцсон харваач 350-410 удаа босч суун, өдөр бүр 2,5-3 км газар явган явсан тооцоо гарчээ.
- Үндэсний шагайн харваа ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай гэнэ.
- Шагай харваа олон сайхан монгол эрчүүдийг зөв шийдвэр гаргаж оюун ухаан, хүч чадлаа төлөрүүлэхэд үеийн үед түшиг болсон гэдэгт эргэлздэггүй. Шагайн уухай шуранхайлж, оноо бүрэн, хараа хурц байх болтугай.