ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 33 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монголын Шагайн Харвааны Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний шагайн харвааны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол бөхийн өргөөнд эхэлсэн юм. 33 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн 17, Төв аймгийн 13, Өмнөговь аймгийн 8, Өвөрхангай аймгийн 7, Сэлэнгэ аймгийн 7, Хөвсгөл аймгийн 7, Баянхонгор аймгийн 6, Архангай аймгийн 5, Дундговь аймгийн 5, Хэнтий аймгийн 5, Говьсүмбэр аймгийн 4, Дорнод 4, Булган аймгийн 3, Дархан-Уул аймгийн 3, Завхан аймгийн 3, Сүхбаатар аймгийн 3, Орхон аймгийн 2, Увс, Ховд аймгуудаас тус бүр 1, нийслэлээс 16, нийт 120 баг оролцлоо.
Тэмцээнд Монгол Улсын Даяар Дуурсагдах дархан мэргэн , Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, Монгол Улсын Дархан мэргэн, Монгол Улсын Гарамгай мэргэн, Монгол Улсын Харьшгүй мэргэн, Монгол Улсын Хошой мэргэн, Монгол Улсын Мэргэн, Аймгийн Гоц мэргэн гээд улс, аймгийн алдар цолтой хийгээд залуу 1000 орчим харваач цэц мэргээ сорин өрсөлдсөнөөс багийн харвааны төрөлд:
- Тэргүүн байрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн Батбаярын Баттулга ахлагчтай “Номт даншиг” ХХК-ий баг
- Дэд байрт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Цэдэвдоржийн Энхбат ахлагчтай “Урьхан” ХХК-ий Хийморь баг
- Гутгаар байрт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат Монгол Улсын Мэргэн Тогтохын Сонинбаатар ахлагчтай “Их Эрхэт Говь” ХХК-ий баг
- Дөтгөөр байрт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн Бавуугийн Түвшинбаяр ахлагчтай “Ханхонгор” баг
- Шагналт 5-8 дугаар байрт Хэнтий аймгийн Бэрх сумын харьяат, Монгол Улсын Мэргэн Бирабазарын Түмэннасан ахлагчтай Бэрх баг, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Монгол Улсын Хошой Мэргэн Чойжилийн Буянжаргал ахлагчтай “Алтанговь Транс” ХХК-ий баг, Монгол Улсын Хошой Мэргэн Рэнцэндоржийн Ганболд ахлагчтай Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн “Чингэлтэй Хайрхан” баг, Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн Жамьянсүрэнгийн Мөнхжаргал ахлагчтай Архангай аймгийн "Ремикон" ХХК-ий баг харваачид тус тус шилдгүүдээр шалгарав.
Хүн нэг бүрийн цуваа харвааны төрөлд:
- Тэргүүн байрт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Бэрх” багийн харваач Монгол Улсын Мэргэн Энхтуяагийн Өсөх-Ирээдүй
- Дэд байрт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, “Бүрд” багийн харваач Монгол Улсын Мэргэн Товуудоржийн Данзандорж
- Гутгаар байрт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат, “Бэрх” багийн харваач Монгол Улсын Даяар Дуурсагдах Дархан Мэргэн, спортын мастер Сандуйжавын Энхтөр
- Дөтгөөр байрт Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, Монгол Улсын Хошой Мэргэн Эрдэнэжавын Балжинсүрэн,
- Шагналт байрт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Монгол Улсын Мэргэн Сайханцогтын Гүррагчаа, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Аймгийн Гоц Мэргэн Жамьяндоржийн Энхдаваа нар шалгарлаа.
Монгол шагайн харваа зүг бүртээ түгэн дэлгэрэх болтугай!
Эх сурвалж: Монголын шагайн харвааны холбоо