Говь гурван сайхан уулаараа овоглосон тойром харвааг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн шагайн холбоо хамтран Өмнөговь аймгийн засаг даргын ивээл дор зохион байгууллаа. Энэхүү тойром харвааг Монгол Улсын үлэмж дархан мэргэн, Соёлын гавъяат зүтгэлтэн, спортын мастер Должидын Басхүү агсаны нэрэмжит болгон түүний төрсөн газар Ханхонгор сумын Мандах бригадын нутагт зохион байгууллаа. Д.Басхүү агсан нь өөрийн ухамсарт амьдралынхаа 30-аад жилийг шагайн харваанд зориулж, үндэсний наадгай болох шагайн харвааг Үндэсний их баяр наадмын төрөлд оруулах, ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтөний төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх, малгайн залаа, тэмдгийг бий болгох зэргээр шагайн харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм байлаа. 

          Тойром харваа нь хурууны насанд хүрэгчдийн, өсвөрийн, ахмадын, ахмадын нумт харваа, хувийн цуваа харваа гэсэн үндсэн 5 төрлөөс гадна холын зайн харваа /18 тохой/, шилдэг уухайч, өв соёлоо тээгч баг гэсэн төрлөөр явагдсан нь үзэгч, харваачдын сонирхлыг татсан өргөн дэлгэр тойром боллоо. Түүнчлэн Өмнөговь аймгийн шагайн харвааны холбогдолтой музей, өвлөн тээгч урчуудын гар урлалын үзэсгэлэн, нүүдэлчдийн мал аж ахуйг илэрхийлсэн отог зэрэг соёлын олон арга хэмжээг зохион байгуулснаараа бусад тойрмоос онцлогтой байлаа. 

          Говь гурван сайханы тойрмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд энэ удаагийн тойромд 8 аймгийн 68 багийн харваачид цэц мэргэнээ сорьсноос хурууны насанд хүрэгчдийн төрөлд Өмнөговь аймгийн харъяат Монгол Улсын гарамгай мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай "Галбын зам" компаний баг тэргүүн байр, Ханхонгор сумын харъяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай баг дэд байр, Дорноговь аймгийн харъяат, аймгийн гарамгай мэргэн Ц.Чинцогт ахлагчтай "Их говийн энержи" баг гутгаар байр тус тус эзэлсэн бол өсвөрийн харвааны төрөлд Өвөрхангай аймгийн харъяат, өсвөрийн харваач Б.Ганбат ахлагчтай "Шонхор" баг тэргүүн байр, Н.Чингүүнболд ахлагчтай Өмнөговь аймгийн "Алтан говь транс ХХК-ний баг дэд байр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хаъяат өсвөрийн харваач О.Балжинням ахлагчтай "Цогтцэций-2" баг гутгаар байр тус тус эзэллээ. 

           Ахмадын нумт харвааны төрөлд Улаанбаатар хотын Б.Ганбат ахлагчтай "Их нарт" баг тэргүүн байр, Улаанбаатар хотын Д.Шийтэр  ахлагчтай баг дэд байр, Дундговь аймгийн Цагаан-Овоо сумын харъяат аймгийн гарамгай мэргэн О.Цог-Очир ахлагчтай баг гутгаар байр,  ахмадын хурууны багийн төрөлд Дундговь аймгийн харъяат, Монгол Улсын үлэмж дархан мэргэн  Н.Бумбаа ахлагчтай баг тэргүүн байр, Төв аймгийн харъяат Дамбапэлжээ ахлагчтай баг дэд байр, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат Монгол Улсын хошой мэргэн Х.Хатанбаатар ахлагчтай баг гутгаар байр тус тус эзэллээ. 

          Хувийн цуваа харвааны төрөлд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харъяат аймгийн гарамгай мэргэн Э.Энхбат тэргүүн байр, Өмнөговь аймгийн "Алтан говь транс" багийн харваач Монгол Улсын хошой мэргэн Ч.Мөнхбаясгалан дэд байр, Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат Монгол Улсын гарамгай мэргэн О.Отгонбат гутгаар байр тус тус эзэлсэн бол үзэгчдийн сонирхлыг хамгийн их татсан 18 тохойноос харвах холын зайн харвааны анхны тэмцээнд Өмнөговь аймгийн "Алтан говь транс" багийн харваач, Дундговь аймгийн Өндөршил сумын харъяат, Монгол Улсын хошой мэргэн Ч.Мөнхбаясгалан 4 сумандаа 4 онож тэргүүн байр, Дундговь аймгийн Айраг сумын харъяат аймгийн гарамгай мэргэн Б.Мягмарсүрэн 3 онож дэд байр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат аймгийн гарамгай мэргэн Б.Эрдэнэ 2 онож  гутгаар байр тус тус эзэлж, шагайн харвааны шаргал хуудсанд түүх болон бичигдлээ.  

         Нүүдэлчин соёлоо түгээх, сурталчлах зорилгоор явуулсан өв соёлоо тээгч багт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харъяат Э.Тайванжаргал ахлагчтай Хилийн цэргийн 0131-р ангийн баг монгол үндэсний дээл хувцас, монгол эр хүний гоёл чимэглэлээ багаараа иж бүрэн өмсөж, майханаа нүүдэлчдийн эд өлгийн зүйл, эдлэл хэрэглэлээр уламжлалт байдлыг илэрхийлэн тохижуулж, тэргүүллээ. Уг төрөлд  Дундговь аймгийн Адаацаг сумын харъяат Монгол Улсын хошой мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай "Дэлгэрэх бүрд" баг,  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харъяат Ц.Энхтайван ахлагчтай багууд удааллаа. Харин шилдэг уухайчаар Дундговь аймгийн сумын харъяат Монгол Улсын хошой мэргэн Э.Балжинсүрэн, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат Монгол Улсын гарамгай мэргэн Э.Түвшинтөр нар шалгарлаа.

         Шагайн тойромд Должидын Басхүү агсаны үр хүүхэд, ач зээ, дүү нар оролцож, Үлэмж дархан мэргэн Д.Басхүү агсаны өмсөж байсан малгай, хасаа, гавъяа шагналууд болон зарим эдлэл хэрэглэлийг Өмнөговь аймгийн орон нутгийг судлан музейд хандивлалаа. 

     Өмнөговь аймгийн шагайн холбооноос шагайн зуны өргөө байгуулах, өсвөрийн харваачийг бэлтгэх “Өсөх идэр мэргэн” төслийг хэрэгжүүлэх, улсын цолтнуудад хүндэтгэл үзүүлэх болон чансаа өндөртэй нээлттэй тэмцээнийг явуулах, шагайчдын спорт өдөрлөг зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг төлөвлөснөөс заримыг нь  хэрэгжүүлээд байна. Үүний нэг нь “Говь гурван сайхан”-ы  энэхүү тойром харваа юм.